Loading...
[Powered By Hicheel.Info]
  • Image and video hosting by TinyPic Баянмөнхийн уран бүтээл
    Гэрэл зураг
  • Image and video hosting by TinyPic Баянмөнхийн уран бүтээл
    Гэрэл зураг
  • Image and video hosting by TinyPic Баянмөнхийн уран бүтээл
    Гэрэл зураг
  • Image and video hosting by TinyPic Баянмөнхийн уран бүтээл
    Гэрэл зураг
  • Image and video hosting by TinyPic Баянмөнхийн уран бүтээл
    Гэрэл зураг
  • Image and video hosting by TinyPic Баянмөнхийн уран бүтээл
    Гэрэл зураг
  • Image and video hosting by TinyPic Баянмөнхийн уран бүтээл
    Гэрэл зураг
  • Image and video hosting by TinyPic Баянмөнхийн уран бүтээл
    Гэрэл зураг

2012-10-09

"Аймгийн Алдарт Уяач А.Гантөмөр: Аавын маань хурдан боруудын цус одоо ч миний адуунд бий"





"Хурдан бор" хэмээн Дундговьд алдаршсан аймгийн алдарт уяач Жамьяаншаравын Авирмэдийн хүү аймгийн алдарт уяач Гантөмөр манай сайтын Тод магнайн хойморт саатлаа. Сүүлийн арав гаруй жил Өмнөговь аймагт нутаглаж, энэ аймгийн баяр наадамд сайн наадаж, алдар цолонд хүрээд байгаа уяачтай аавынх нь хурдан морьд, өөрийнх нь адууны удам угшил, морины уяа хэрхэн хувьсч байгаа талаар ярилцлаа.

Аавын тань талаар яриагаа эхлэх үү. Танай аавын морь тавиад /их нас/, түрүүлж ирж байсан сайн бор морины тухай домог мэт яриа байдаг, энэ талаар дурсаач?
Яах аргагүй болсон явдал юм билээ. Би ч нэлээн судалсан. Уургын бор морь чинь манай ээжийн өмчний адуу. Шанхайн Аниа Лувсан-Очир гэдэг хүн ээжээр маань хурдны морь унуулаад шагналд нь охин бор даага өгч. Бор даага  том болоод жил өнжиж унагалдаг, дандаа эр унага гаргадаг сайхан гүү болж зургаан сайн морь гарсан юм гэнэлээ. Майн баяраар их олон түрүүлсэн “Май” бор, уургын бор хоёр тэр гүүнээс гарсан ах дүү морьд байв. Аав маань нэгээр нь морь уургалаад, нөгөөг нь Майн баярт уяад байснаас яг зуны том наадмуудад бол уяж байгаагүй. 1958 онд юм уу даа, Хулд сум Дов дээр наадмаа хийж, аав уургын бороо унаж их бага хоёр бор морио тавьж өгсөн гэдэг. Гэтэл түрүүлж явсан их борын хүүхэд ташуураа алдахад аав маань бууж аваад хүргэж өгч эхний хоёр морьтойгоо барианд орж ирсэн түүхтэй. Наадамчид аавыг морь будлиантууллаа гэхэд нутгийн их уяач Хундага тайж “Морь тавьсан нь үнэн юм бол гурван хурдан бор морьтой хүн гэдгээ хэл” гэснээр орон нутагтаа “Хурдан бор” гэж нэрлэгдэх болсон юм билээ.
Ээж маань намайг тусдаа гарахад тэр адууны удамтай бор гүү өгч, би энэ удмын гүүг арай л дөмөг гэсэн азаргандаа хураалгаад угсааг нь таслахгүй хадгалаад л байгаа юм. Улирч балраад хулширсан биз. Гэхдээ сэтгэлийн мухарт энэ адууны удмыг л нэг хадгалж байх юмсан гэсэн бодол үүрд байдаг юм.
Таны одоо хурдалж байгаа адуунд  ч зохих ёсоор Шанхайн борын цус орсон байх нь ээ?
Оролгүй яахав. Олон газрын адуугаар цус сэлбэсэн дээ. Гэхдээ адуу хүн хоёр удмаа айхтар татдаг амьтан шүү. Ах нь аав ээжийнхээ өгсөн юмыг баяжуулна уу гэхээс бараагүй яваа хүн дээ.
Нэртэй уяачийн хүү багадаа хурд унаж л байсан байж таараа?
Сайн унаач байсан. Олон ч орж байсан. Харин аавынхаа хоёр хурдан борыг унаж байгаагүй. Тэднийг залгаж гарч ирсэн Сүмбэн зээрд, шүдгүй Юндэнгийн унаган сарт хүрэн гээд манай сайн сайн морьд байсан тэднийгээ л унаж байсан даа. 1961 онд Аймгийн 20 жилийн ой болох гээд өөрийн нэрний Өргөн дэлтээ унаж сумандаа айрагдсан нь санаанд тод байна.
Тэр үеийн хүүхэд их том болтлоо хурдны морь унадаг байсан байхаа?
Тийм шүү. Би арвантавтайдаа Цогт-Овоод нутгийнхаа ногоон Амаагийн (Шижээ) хээр морийг унаж түрүүлэн унаачийн наадмаа отголсон. Морины хүүхэд авах гээд ирэхэд би тэмээний эрэлд явчихсан байсан юм. Тэр жил Хулдын Санжаа гуайн найман настай бор морийг тав зургаан настай Оюунтунгалаг охин унаж, мориноос хасагдаж байгаа би Амаагийн хөгшин хээр морийг унаж уралдсан. Санжаа гуай морь тавьж өгч байхдаа “Хүүхэд балчир шүү, миний хүү сайн зааж яваад ирээрэй” гээд захиад байгаа. Тэр үеийн морь тавиач нар ч мундаг л даа. Яг үзүүр дээр нь эргүүлж өгөөд хоцорлоо. Хээр морь, бор морь хоёр ч яахав тэртэй тэргүй л гарч байгаа юм чинь. Зул задраад хоёулаа тасарч зугтаасаар Нартын ар руу гарлаа. Би Оюунтунгалагт зааварчилаад л яваа. Бариа хариугүй ойртоод ирлээ, хоёулхнаа юм чинь дээ. Заагаад байхаар өнөө залуу морь чинь хөгшин морийг дийлчих гээд болдоггүй. Бариан дээр байгаа морь харсан улс ч жигтэйхэн шуугиад байх. Хүн рүү жаахан шахчихаад л өөрөө чигээрээ гүүглээдэхсэн, хээр морь ч багтчихлаа. Төд удалгүй Санжаа гуай маань ирчихсэн  хүүхдийн хашираар хээр морь түрүүлчихлээ гээд бор мориныхоо хөлсийг хусаж байсан юм даа. Тэгж залуу морь шинэ унаачийг, хашир унаач харимал морь хоёр дийлсэн юм.
Хэзээнээс морь уяж эхлэв, уяачийн хүү бараг унаач байхдаа л уяж байсан байлгүй дээ?
Намайг адууны амтанд оруулсан адуу бол миний бор азарга. 1970 аад оны дахин нийгэмчлэлийн үеэр манайх сумаасаа хамгийн олон мал нийгэмчилсэн гэдэг юм. Тэр үед мөнгөөр нь худалдаж авсан юм билээ. Цэргийн алба хаагаад ирэхэд аав маань тэр мөнгөөрөө удамтай сайн юм олж ирнэ гээд Баянцагаан орж тэр бор үрээг авчирсан. Бас эр хүний дотор бодол байсан биз. Төдий тооны юм нийгэмчилсэн юм чинь хариуд нь удамтай угшилтай цөөн ч гэлээ адуу олох зорилготой байсан нь тэр. Намайг хорин тавтай өрх тусгаарлахад өмчинд минь бор азаргатай 22 тооны адуу өгч байсан. Бор азарга Баянцагааны Бор гэдэг хүний (улсад хүрэн азарга айрагдуулж байсан) унаган адуу. Сум орон нутагтаа долоо айрагдсан, ерөөсөө түрүүлж өгөөгүй юм, аман хүзүү тав хоёрын хооронд л олон давхисан. Гэхдээ аргагүй намайг моринд дуртай болгож нэгэн насыг адуутай холбоход хүргэсэн хүлэг дээ. Одоо ч надад удам угсаа нь хурдалж л байна.
Сүүлд бас нэг бор азарга байсан даа?
Байсан. Энэ борын төл даагандаа нэг түрүүлж, нэг аман хүзүүдсэн улаан бор азарга байсан. Нийлсэн хойноо нэг сайн түрүүлээд хөл нь муудсан. Энэ боруудын удам бий, дээр нь би зүгээр байгаагүй хол ойрын танил найз нөхдөөс адууны наймаа, солио хийж цусыг нь байнга холдуулж байснаар адууны минь давхил хариагүй л байна.
Хурдан хонгор морийг чинь нутгийхан их ярьцгаадаг...
Манай аавын  адуу л даа. Шанхай чигийн адууны удам байсан. Соёолонд нь манай зээ Баянмөнх унаж хол түрүүлж байлаа. Өвлийн наадамд ч сайн уралдаж байсан. Нийлсэн хойно нь манай охин унаж дахин нэг түрүүлсэн. Тэр наадамд нутгийнхаа алдарт хурдан тогоруу хулыг дийлсэн юм. Манай Энэбиш гуай чинь “Миний тогоруугийн өмнө дааган цагаас нь хойш юм гишгээгүй юм даа, харин танай хонгор морь нэг дийллээ” гэж байсан. Тэр наадмаар аав маань Шаргалжуут явж, рашаанд очсон хойно нь тахлын хорио гараад ирж чаддаггүй. Би хонгор морио гардаж уян түрүүлгэж, их бор азаргаа аман хүзүүдүүлсэн юм. Бор азарга Луусын Даржааюугийн хартай цохилдож ирээд аман хүзүүнд баригдаж байлаа. Мижиддоржоос авсан Дөлгөөн зээрд гэдэг шүдлэн бас аман хүзүүдсэн энэ наадам л намайг моринд гүн оруулсан даа.
Тухайн үеийн бай шагнал одоог бодвол бага байсан байлгүй?
Морь түрүүлгэхэд дээд шагнал л даага байсан. Тэр ч байны юм энэ ч байны юм гээд амийг дархалсан адуунууд байх. Хэдэн жилийн өмнө энэ Б.Наранхүү нутгаасаа төрсөн аймгийн начингаас дээш цолтой бөхчүүд, аймгийн алдартаас дээш цолтой уяачдад сая сая төгрөг гардуулахад аав маань очиж оролцоод “Манай үеийхэн ид наадаж явахдаа аваагүй бай байна” гэж байсан юм даа. Одоо ч морины бай, үнэ аль аль нь өндөр болж уяачид зохих ёсоор үнэлүүлж байна.
Сэтгэлд тодхон сайхан наадмууд зөндөө л байдаг биз?
Наадам болгон л өөрийн онцлогтой нандин сайхан дурсамжуудыг үлдээдэг. 1985 онд манайхан давхар уяаны морьдтой Өлзийт сумын наадамд очиж М.Энэбишийн Гүзээ хээр түрүүлж З.Дашдоржийн хул аман хүзүүдэж, манай хар гуравт ирж байлаа. Хойтон нь Өлзийтөд дахиад манай сумын гурван морь дараагаараа орсон байх. Тариа тэжээл ч байгаагүй, ёстой л мөнчгөрөөрөө наадаж байсан цаг. Авьяас, мэдрэмжээрээ морио сайн эвлүүлсэн хүн л жортой уралддаг байлаа.
Социализмын үед морь мал уяхыг дарга нар нэг их дэмжээд байдаггүй байсан болов уу, 90 ээд оноос хойш л уяач нар олширч наадам ч олон болдог болсон?
Тийм шүү. Захиргаадалтын үед чинь морь уяхад зав гаргахгүй шүү дээ. Засгийн олон малтай ноцолдсоор байтал өдөр хоног яваад өгнө. 1987 онд манай сум нэгдлийн томоохон ой болж, ойн бэлтгэл ажил гээд малчид цаг зав ч муутай байсан болохоор  хожуу уяаны олон тарган морьтой ирцгээж мултрах шахаж байтал Доржсүрэнгийн шарга цоохор шүдлэн түрүүлж биднийг баярлуулж байсан юмдаг. Уг нь манай Хулд сум чинь бас тэр болгон дээрэлхүүлээд байхааргүй хурдтай газар шүү дээ. Наадам ч цөөн, медальтай морь бүр ч цөөн байсан юм.
Гуч гаруй жил морь уяж байгаа хүний хувьд адууны уяа хэрхэн хувьсч байгааг хэлэх байх даа?
80 аад онд уяж байсан тэр уяанаас одооны уяа газар тэнгэр шиг ялгаатай. Тэжээлээс авахуулаад л нууцтай нууцгүй олон юмтай болчихсон. Яг байгалиар нь бэлчээрийн өвсөөр уях боломж яагаад ч байхгүй.  Цаг зүтгүү болоод өвс ургамлын гарц ч их муудсан. Байнгын тэжээл, тордлогогүй бол явахаа больж их ч мөнгө ордог болоод байна.
Сүүлийн хэдэн жил орон нутагтаа л наадаж байна уу, өнгөрсөн зун хаагуур наадав?
Манайх 1999 оны хэцүү нэрт туулай жилээс хойш Өмнөговь аймагт л нутаглаж сүүлийн хэдэн жил завсаргүй энэ аймагт наадаж байна даа. Нутаг оронд цаг тавьж өгөхгүй, жилийн жилд л зүтгэж орж байна. Энэ зун манай хүү Гончиг загал морьтойгоо 80 жилийн ойд очсон. Арван хоёр гурваар л орсон болов уу. Өмнөговь чинь хэдэн жилийн өмнөхийг бодвол их хурдтай болсон. Говь Шанхын хурд 3 –т Өмнөговиос нэг ч морь ороогүй шүү дээ. Тэгтэл энэ жил тун цөөхөн айраг гадагшаа алдлаа.
Ногоон, хар гээд Өмнөговь аймгийн наадамд айрагдаж түрүүлсэн сүүл үеийн хурдан хүлгүүдийнхээ тухай?
Хар азарга даагандаа Дэлгэрхангайн 80 жилийн ойд түрүүлээд, Өлзийтөд очиж аман хүзүүдсэн. Шүдлэндээ Дундговь аймагт айрагдаж, Өлзийтөд аман хүзүүдэж, хязааландаа Өмнөговьд гуравт давхиж, зургаан настайдаа Өмнөговь аймгийн наадамд Хулдын саятан Баярсайханы хартай цохилдон ирж түрүүлсэн. Тэр жил миний хар халзан соёолон мөн түрүүлсэн. Хар азарга маань аймгийн баяр наадамд гурав ороод байгаа  одоо арван настай идэрхэн азарга.
Хараас хоёр насаар ах сайн ногоон азарга  байсан. Даагандаа Хулдад айрагдаад, хязааландаа Дэлгэрхангай, Өлзийтөд угсарч түрүүлсэн. Соёолонд нь би эвгүй болгочихоод давхиулж чадаагүй. Хавчиг азарга Нүцгэний наадамд зургаад давхиулаад хатгаад үхүүлчихсэн. Эвтэйхэн оролдоод бүдүүрүүлж чадсан бол гарцаагүй сайн азарга гарах байсан юм. Манай хурдан боруудын удамтай хонгор гүү байсан. Одоо морь нь их хурдлаад байгаа Дэмчигцоодолын багадаа Луусын том ойд түрүүлсэн хүрэн азарганд хонгор гүүгээ хураалгаж, гарсан төлийг нь нутгийнхаа Т.Төмөрчулууны хард хураалгасан. Мөн түүнээс гарсан гүүг нь Жамбалдоржийн шаргын төл шарга азарганд хураалгаж тэр ногоон азарга гарсан түүхтэй. Манай нутгийн шилдэг хурдан азаргануудын удам нийлсэн адуу байсан юм. Аймаг сумын наадамд айрагдуулж түрүүлгэсэн үрээ, даага олон бий. Өнгөрсөн жил Дэлгэрхангайд шарга шүдлэн үрээ түрүүлж, цоохор даага айрагдсан.
Цаг зав гаргаж бидэнтэй ярилцсанд баярлалаа. Худан хүлгийн босоо цагаан хийморь үргэлж ивээг болтугай.
Баярлалаа. Танай хамт олонд ч мөн ажлын өндөр амжилт хүсье!

Hiimori.mn О.Наранбаатар

No comments:

Post a Comment