Loading...
[Powered By Hicheel.Info]
  • Image and video hosting by TinyPic Баянмөнхийн уран бүтээл
    Гэрэл зураг
  • Image and video hosting by TinyPic Баянмөнхийн уран бүтээл
    Гэрэл зураг
  • Image and video hosting by TinyPic Баянмөнхийн уран бүтээл
    Гэрэл зураг
  • Image and video hosting by TinyPic Баянмөнхийн уран бүтээл
    Гэрэл зураг
  • Image and video hosting by TinyPic Баянмөнхийн уран бүтээл
    Гэрэл зураг
  • Image and video hosting by TinyPic Баянмөнхийн уран бүтээл
    Гэрэл зураг
  • Image and video hosting by TinyPic Баянмөнхийн уран бүтээл
    Гэрэл зураг
  • Image and video hosting by TinyPic Баянмөнхийн уран бүтээл
    Гэрэл зураг

2012-10-01

Яруу найргийн орчуулгын өнөө үе ба Саймоны сайн муу үйлс


Д.Цэвээндорж

Яруу найргийн орчуулгын өнөө үе ба
Саймоны сайн муу үйлс

(О.Дашбалбарын “Гол ус намуухан урсана”
түүврийн орчуулгын жишээн дээр)

Хүн төрөлхтний оюун санааны хөгжилд яруу найрагч, соён гэгээрүүлэгч, гүн ухаантан сэтгэгчдийн оруулсан хувь нэмэр багагүй юм. Монголын уран зохиолын томоохон төлөөлөгчдийн түүвэр зохиолууд англи хэлнээ орчуулагдана гэдэг оюун соёлын том ололт гэдэг нь маргаангүй билээ. Ялангуяа монгол хэл мэддэг уран зохиолд элэгтэй нэгэн, төрөлх хэл рүүгээ орчуулан хөтлөх нь монголын утга соёлын түүхэнд тохиох ховорхон аз завшаан гэлтэй. Уран зохиолын ололтоо гадаадад сурталчлах санаархал хичнээн жил яригдаж ирсэн ч дагнасан мэргэжлийн орчуулагчийн залуу халаа бэлтгэгдээгүй байгаа өнөө цаг үед Саймонд талархахаас өөр аргагүй байна. Учир нь тэрбээр  манай олон уран бүтээлчийн шүлэг зохиолыг  орчуулан хэвлүүлж буй нь бахархмаар сайн үйлс нь юм. Үүний нэг нь О.Дашбалбарын “Гол ус намуухан урсана” (1989) түүврийг “The Rivers Flows Gently (2007)  нэрээр хэвлүүлсэн явдал ч энэ нь Саймоны сайн, муу үйлс болон биежиж байгааг тэмдэглэхгүй өнгөрөх аргагүй байна.


Нэг. Үгчилж орчуулсан санааны явцуурал

Хэлц үг, ёс заншилтай холбоотой үгсийг утгачилж бус үгчилж орчуулсан нь ойлгоход төвөгтэй болгож буйг (Бэлгэнд ирсэн морь шиг энэ амьдралаа дутуу санахгүй) гэх мэт мөрүүдийн хачирхмаар орчуулга улам тод харуулна. Үйл үгийн цагуудыг буруу хэлбэржүүлсэн “Сайн үйлээ таныхаа төлөө л хиймүү” гэсэн “сайн үйл”-ийн  тухай орчуулгын мөрийг “Таны ашиг тусын тухайтад” (I do good for Your benefit) гэсэн утгаар бус   I will do my good deed  only for you” гэмээр санагдаж буй нь өгүүлбэрийн холбоос, шүлгийн утга санааг гээгдүүлсэнтэй нь, басхүү түүний орчуулга хэн бүхэнд ойлгогдохоор энгийн, мөр бүрээр нь үгчилж орчуулсантай нь холбоотой шиг байна. “Догшин ширүүн галыг ч би таныг л гэж бодном”  (I know the blazing, harsh fire to be you) гэсэн орчуулга “Их түймэр, эхүүн гал тань шиг байх болно гэдгийг би мэднэ” гэсэн утгатай болсон бол “Тэнд энд хэвтэх чулуунд чинь үнэн оршдогт итгэмүү” (There. Here is stone which keeps true believe it) гэснийг “everywhere  хэмээн төлөөлүүлэхэд л утга бүрэн гарах байв. 
Уран зохиолын орчуулга тухайн хэлт ард түмэнд ойлгомжтой хүргэх харилцааны үүргээс гадна яруу сайхан, гоо зүйн шаардлагын үүднээс шүүмжлэлд өртөх магадлал өндөр байдаг ч шад бүрээр үгчлэн авч үзэх нь зохисгүй нь шүлгийн санаанаас улбаалан өгүүлбэрийн бүтцэд өөрчлөлт орох буюу утга санаа мөр дамжиж, бүр бадаг дамнаж санаа тэгширдэг онцлогийг үл хайхарсантай холбоотой дутагдал юм. Өөрөөр хэлэхэд англи шүлгийн тогтсон бүтэц, сүүл залгалт, холболтоор жигдрүүлж орчуулаагүй нь шүлгийг шүлэг болгож буй яруу сайхны илэрхийлэл чухал болохоос хэт үгчилсэн үргэлжилсэн хэлбэрээр орчуулсан мэт сэтгэгдэл төрүүлэн буйгаараа уран зохиолын, ялангуяа яруу найргийн чөлөөт орчуулгад хэт муйхар хандсан болохыг сануулж байна. Их цаг хүч зарцуулах нь бүтээлийн чанарт ихээхэн нөлөөтэйг эрхэм нөхөрт давтан сануулах юун билээ.
Ингэж уянга гээгдүүлж ур муутай энгийн албархаг хэллэгээр буулгасан нь Саймоны буруу бус сайх хэлний монгол ахуйг таних үгийн сангийн онцлогтой холбоотойгоор тайлбарлагдана. Тухайлбал “Намуун тал”, “хонгор салхи”, “хөнгөн уйтгар”, “зөөлөн гар”, “энхрий хүү” гэсэн үгийн тодотгол, “уяхан”, “сэрүүн”, “аяархан” хэмээх бүх үгийг  номын нэрийн орчуулгын “Gentle” гэсэн ганцхан үгээр төлөөлүүлсэн байх жишээтэй. О.Дашбалбарын үргэлжилсэн хэлбэрийн санаа нь шүлгээр дамжин илэрч буй өвөрмөц бүтэц зохиомжтой эл түүврийн утгыг гүйцэт ойлгохгүйгээр орчуулна гэдэг “бөх зүрх”-тэй л хүний хийх ажил бөгөөд байгаль дэлхийн яруу дуулал бүхий Буддын гүн ухааны агуулга, ертөнцийн мөн чанарыг эгээрсэн гүнзгий утгат шүлгүүдийн дүрслэл-тодотгол голлосон уянгын бүтцийг хадгалах үүднээс үг бүрийг орчуулах гээд ойлголтын зөрүү бий болгосныг “Арван сарын шаргал өдрүүдэд чамайгаа би харлаа” гэснийг “Аравдугаар сарын баярт өдрүүдэд” (шаргал өдрүүд-happy days) гэснээс тод харж болно.
“Эх хэл” хэмээх гайхалтай шүлгийг “Мother tongue гэж махчлан орчуулсныг “Native language гэмээр бөгөөд “Ардын дуу” шүлгийг ч “The people’s song” бус “Folk’s song хэмээн орчуулах саналтай байна. “Голын чулуу дэрлэн цагаан унага шиг унтжээ” гэснийг “Цагаан шөнө бол унага шиг” (The white night is like a foal) гэж буулгасан байх бөгөөд зүй нь “Colt”, “Stag гэсэн тогтсон үгээр адууны төлийг нэрлэдэгийг бид мэднэ. Гэхдээ түгээмэл хувилбарыг сонгож авсан /“Униар” (mist)-ыг “Smoke” гэх зэргээр/ ч хэт үгчлэн махчилж орчуулсан зарим мөр утгандаа тохирох нь бас бий буюу монгол яруу найргийн орчуулгад утгын шинэ өнгө аяс оруулсан “гавъяа” бас бий. Ийнхүү энгийн орчуулга өгүүлбэр бүрээр хадаж буулгадагийн адил мөр мөрөөр нь, яг тэр бүтцээр нь үгчилснийг “Өчил” шүлгээс харж болох бөгөөд энэ нь уран сайхны орчуулгын хэм хэмжээнд тохирохгүй нь англи хэлээр хүртэл толгой холбоход хүргэжээ. Өөрөөр хэлэхэд шүлгийн санаа буюу төлөөлсөн үгийг нэр үгээр орлуулсан ч шүлгийн өнгө аяс, зураглалуудыг нарийн буулгаагүй, “Өнөр дэлхий дээрээ уйлахад минь бороо асгарч” гэсэнд “дэлхий дээрээс” гэсэн модон үгээр төлөөлүүлсэн зэрэг хадмал орчуулга голлосон нь илт мэдэгдэж буй юм.

Хоёр. Буруу ойлгосон орчуулгын зөрүүдлэл

“Хөндий тал” (valley), “уулын хөндий” (dale, glen) гэсэн утгыг “хоосон хөндий зүйл”, “нүх”, “ангал”, “хуурамч”, “албадмал” гэсэн утгатай “hollow гэсэн нэг л үгээр орчуулжээ. Өчүүхэн миний хувьд Томас Эллиотын “The hollow men (1925) хэмээх шүлгийг утгад нь дүйцүүлэн “Илүүдэл хүмүүс” гэж орчуулмар болж билээ. Тэгэхээр Саймоныхоор бол хуурамч, хүнхийсэн хүйтэн хөндий болгон хувиргасан нь “гайхалтай” байна. Зөвхөн “хөндий” гэсэн эл үгний хувьд  л гэхэд “хэвлийн хөндий”, “цасан хөндий”, “дээврийн хөндий”, “модны хөндий”, “хөндий харьцаа”, “хол хөндий зогсох”, “хөндий тоосго”, “хөндий зүү” гэх мэтээр монгол хэлэнд дор бүрнээ өөр өөр утга илтгэдэг агуулгын салааллыг анхаарууштай юм.
 “Ирж байна, явж байна. Урьд ч ийм, хойшид ч ийм!
Инээж байна, уйлж байна. Урьд ч ийм, хойшид ч ийм!
гэсэн уянгын төлөөллийг нэгдүгээр биед оноон “Би инээж байна, би уйлж байна. Урьд ч ийм, хойшид ч ийм байх болно” гэж орчуулсан нь шүлгийн уран сайхныг бүрэн илэрхийлж чадсангүй, бас “Алтан намар навчсаа шидлэн гандаж эхлээд”-“Намрын алтан навч ойчих болоход” гэх мэтээр монгол ахуй, ёс заншил, зан үйлийн онцлог үгийн хэлбэржилтээр төлөөлөгдөн илэрдэг болохыг гүйцэд ухсангүй. Харин “Өлсгөлөн араатан” гэснийг “Махчин араатан” (carnivore) /Уг нь carnivorous animal/, “Цагийн хөрөө” гэсэн ойлголтыг “Цагийн илд” гэх мэтээр төрөлх хэл рүүгээ утга дүйлгэн орчуулсан байвч
“Тэнгэрлэг Пушкин Дантесыг буудаагүй
Тэрүүнд харин буудуулсан!
гэж байхад (So, then they didn’t shoot divine Pushkin or Dante but they did cause them to be shot!) хэмээн “Хэдийгээр тэд тэнгэрлэг Пушкин эсвэл Дантег буудаагүй ч тэднийг буудахын шалтгаан нь болсон” гэж ташаарсан нь үгийн тодотгол, шүлгийн утгыг бүрэн ухаараагүйтэй холбоотой юм.
“Тэртээх мянган жилийн тогоруудын үр сад одоход
Тэнгэрийн доорхи нинжин сэтгэлтэй хүн уйлна”
гэснийг “хун уйлна” гэж бичсэн нь тогоруудын тухай өгүүлэмжтэй холбоотой зөрүү ойлголт ч нинжин цайлган сэтгэлтэй хун шувууг “уйлуулсан” нь түүний орчуулгын уран сайхны нээлт гэж “үнэлж” ч бас болох юм. Ийм хайхрамжгүй байдал нь буруу ойлгоход хүргэн улмаар утгын нийлэмж, яруу сайхныг гээгдүүлсэн болохыг “найрал” гэдэг үгийг  “найр наадам” гэсэн үгээр, “өгөхөөр”-“өгүүлэхээр”, “цайвар шороо нь гар дээр элсэн чихэр шиг асгарч”-“хурууны минь зэвхий газарт элсний ширхэг шиг гоожиж” гэсэн зэрэгцүүлэл хэлээд өгнө. “Элсэн чихэр”, “Элсний ширхэг” гэсэн хоёр үг сэтгэлгээний огт өөр ойлголт гэдгийн хариуцлагыг редактороор ажилласан их найрагчийн хүү Д.Гангабаатарт ч давхар хүлээх үүрэгтэй билээ. Учир нь
“Элсэн чихэр цайнд уусгах шиг
Эгнэгт бид чулууг усанд хийж уунам”
гэсэн санааг “элсний ширхэг цайнд уусган” элийрчээ. Шүлэг зохиолд яруу найрагчийн тухайн агшны бодол санааг илтгэж буй үгийн өнгө аяс, нийгэм цаг үе, бодрол бясалгалын төлөөлөл бүхэн өөр үгээр солихын аргагүй гүнзгий утга тээж байдаг. Үүнийг тэр хэвээр нь орчуулахад төвөгтэй ч уран зохиол, яруу найргийн орчуулга хэлбэрийг нь бус агуулгыг нь орчуулан толилох бие даасан уран сайхны чөлөөт эх байж утгыг шүтэх нь хамгийн зүйтэй гарц гэдэгтэй санал нэгдэхээс, бас тухайн сэдвийн агуулгыг гүйцэт ойлгож гэмээнэ бүрэн төгс орчуулга болдогийг сануулахаас өөр аргагүйд хүргэж байна.
“Мөнхүү алтан дэлхийн” гэсэн удаах шадын тодотголыг “Мөнхийн алтан дэлхийн” гэж ойлгосон, “өндөр нарсны ёроолд шивнэлдэж”-“өндөр нарны ёроолд шивнэлдүүлж”, “амь нэгтэй”-“амьдралтай” зэрэг нь монголчууд нараа өндөр гэж бичдэг, тэрхүү нарныхаа ёроолд шивнэлддэг гэж итгүүлэхийг зорин буйгаараа шинэ үсэг тайлж уншихад үг үсгийг нэмж, хасч хардаг гэм согог нь англи үгэн дунд монгол үсэг цохиж буйгаас тодорхой болж байна.
“Алсын нутагт өглөө эрт сэрэхэд
Айл гэрийн цэнхэр утааг үгүйлнэ”
гэсэн “Нутаг” шүлгийн хэсгийг “Холын газар өглөө эрт үүр цайхад гэрээс цэнхэр утаа гарахгүй” (There is no blue smoke rising from the ger) хэмээн үгүйлсэн санааг байхгүй болсон мэтээр сэхээрч, “Өвдөг сөгдөхөд эцгийн нутаг минь тэврэх шиг”-“Ахас өтгөс өвдөг сөгдөхөд эх нутаг минь тэврэн хүрэх шиг” хэмээн огт өөр санаа оруулан орчуулжээ. Уран сайхны орчуулгад янз бүрийн хувилбар байж болох ч гадаад хэлнээс төрөлх хэлэнд орчуулахад мэргэжлийн үг хэллэг, ойлголт сэтгэлгээний зөрүүг анхаарах нь эн захын шаардлага билээ. “Бидний өмнө амьдраад явагсдад” гэсэн шүлгийн нэрийг “Бидний өмнө энд амьдрал байсан” гэсэн утгатайгаар, бас “Билгүүн орчлонгоос хүмүүс явцгааж байна” гэсэн мөрийг “Орчлонгоос ухаант хүмүүс (мэргэд) үргэлжилж байна” (wise people proceed from the world) хэмээн мэдээлжээ.
 “Салхи шуурга намайг илбэн тохинуулж”-“Салхи шуурга намайг үнсэн номхруулж” хэмээснийг ядахдаа “салхи надад хүрсэн” гэсэн утгаар орчуулсан бол хээрийн салхи шуурга хатуужил өгөн амьдрал ахуй, санаа бодлыг нь ариусгаж зөв шийдэлд хүргэн тохинуулсан гэсэн санааг бага ч атугай илтгэх байв. “Аль ч оргилын зулайг илбэж байдаг хурган үүлс тэртээ доор үлдэж” (Elbrus) гэсэнд “жижиг уулс” гэж ойлгожээ. “Үүлсийн тэртээгээс намайг ширтвэл”- “Уулсын дундаас намайг харвал”, “Танил уулс алсын алсад хөхрөн”- “Танил үүлсийг тал нутагт хөхрүүлэн” харсан зэрэг нь “Уул, үүл нь нийлэн харагдаад” гэж дуулдаг шиг эрхэм орчуулагч маань уул үүлээ ялгахгүй л төөрч мунгинаад байх нь “хурган үүл”-ийг “small mountain” гээд л туусаар буйтай холбоотой бөгөөд “Номин тэнгэрт хурган үүлс цайран бэлчинэ” гэснийг “бяцхан уулс цайруулж бэлчүүлэн” энэхүү хурган үүлний дүрслэл нэг бус удаа жижигхэн уул болон давтагдаж буй юм.

Гурав. Тооны нэрэнд төөрч будилсан эндүүрэл

Ижил хэлбэрийн үгсийг хольж хутган таамгаар орчуулсан нь тооны нэрийг хүртэл андуу ойлгосон ноцтой алдаанд хүргэсэн нь “Номхон дөлгөөн далай” гэснийг “Seven gentle seas” гэх буюу “Хүн” шүлэг дэх “Дөлгөөн их далай”-г “Долоон их далайд мянга мянган хөлөг хөвүүлэн” гэж дэлхийд хаана ч байхгүй гурван шинэ их далай нээхэд хүргэжээ. Тэнгис, далай хоёрыг ялгалгүй хольж хутган дураараа тоо нэмж орчуулах нь орчуулагч хүнд байж боломгүй мэдлэгийн болоод хариуцлагын  алдаа мөн юм. Ийнхүү “Дөчдүгээр зуунд мэдээ хүргэхээр давхиж” гэснийг “Эрдэм мэдлэгээрээ дөчин мянган жил рүү давхиж”, түм, бум, түмэн жил, түмэн үе, орчих цаг гэх мэт эдгээр үгсийг бүгдийг нь мянган жил гэж цаг хугацааг ухраасны зэрэгцээ “Сая сая” гэснийг “Мянга мянга” гэсэн атлаа дүнчүүр жилийг сая жил, “I live by cosmic laws” шүлэг дэх “Сая живаа оддын хүрээлэнд” гэснийг “Мyriad (арван мянга, түм) гэсэн утгаар зөрүүлж орчуулсан байх юм.
Мөн уянгын баатрын ухаарал болох “ойлгомуу”, “мэдмү” гэсэн үгсийг олон тоон дээр төлөөлүүлж бичсэн, “Манай эриний өмнөх” гэсэн цаг хугацаа заасан он тооллыг “Манай эрчүүдийн өмнө” (In front of our men) гэж андуурсан байх бөгөөд зүй нь “before Christ, pre– Christian хэмээх тогтсон үг бий билээ. Энэ бүхэн яруу найргийг орчуулахад хоёр хэлийг төгс эзэмшсэн байх ёстой гэсэн шаардлагын үүднээс дэвшүүлж буй бидний санамж бөгөөд “Таван зуун жилд” гэснийг үсгийн алдаа бололтой ч “Зуун сайхан жилд” (for fine hundred years) болгон он цагийг товчлон хураажээ. Түүнчлэн “Үеийн үед” гэхийг “Энэ үед”, “Хүмүүс”-ийг “Хүн” гэх зэргээр цаг хугацаа, олон тоог чамласан утга цөөнгүй байна. “Эх орон” шүлгийн “Амьсгалах тоолондоо би тандаа хүрч очмуу” гэсэн шадыг “I go to you in the counting of my breaths” хэмээн орчуулсныг миний бодлоор “I will go to you by every my breaths” гэмээр нь “амьсгалах бүрийдээ” гэсэн санааг тусгахын үүднээс бөгөөд тэр хэвээр нь үгчилбэл англи хэлэнд “амьсгалах тоолондоо” гэсэн утга “амьсгалаа тоолохдоо” гэсэн эсрэг утгаар буюу үхлээ хүлээж буй хүний үг болоод буйд оршино. Яг эсрэгээр нь энэхүү “тооцох” гэдэг үгийг орчуулагч маань “тоолох” гэж ойлгодог нь “Хий хоосонд тооцох” (counted in the air) гэснээс улам бүр тодорхой болж байна.

Дөрөв. Хоёр өөрөөр орчуулсан хадуурал

Зохиолчийн зүгээс “Уянгын сэтгэмж” гэж бичсэн онцолборыг “A melodic fantacy, A lyric fantacy” гэж хоёр янзаар орчуулсан нь хэлний мэдлэгтээ эрдэж онолын тогтсон нэрийтгэл, номын ерөнхий бүтцэд редактор хийгээгүй хайхрамжгүй хандлагыг илтгэнэ. “Сумын төв”-ийг “мужийн гол хот” (country town), “дүүрэг” (district) гэх буюу “сэтгэгч”, “сэрэмжгүй” гэсэн хоёр өөр утгатай үгийг нэг үгээр орчуулсан жинхэнэ сэрэмжгүй хайнга байдал түгээмэл юм. “Хөөрхий охин минь” гэснийг “Миний хайртай охин” гэж огт өөр утгаар орчуулсан шигээ өнөөх “хөөрхий”-гөө “poor, dear гэж хоёр хувилбараар, “Голын эрэг” (rivers bank, riverse edge) гэх зэргээр хоёр янзаар, тэгэхдээ бүр алдаатай орчуулсан нь ч байна. Монгол хэлний өвс, өвс ногоо, борог өвс гэсэн эдгээр үгийг бүгдийг нь “grass гэсэн ганц үгээр төлөөлүүлж буйн бурууг гагц Саймон хүлээхгүй нь мэдээж юм. Гэсэн атлаа “өвс ногоо” гэсэн зөвхөн энэ үгийн орчуулгад нэг бол “grass”, нөгөө бол vegetation” хэмээн тухайн үеийн үзэмжээр хандсаныг буруутгахаас өөр аргагүй байна. “Өвс ногоо” (herbage, pile, verdure)-г хэзээ ч “ургамал” гэсэн сүүлийн үгээр оноох аргагүй билээ.
Мөн Simon Wickham Smith монгол ёс заншилтай холбоотой зарим үг хэллэгийн онцлогийг гээгдүүлж орчуулсан нь байна. Гэрийг “ger“, заримдаа “home, шарга морийг зүгээр л “sharga”, хийдийг “khiid” гэж галигласан нь англи хэлт хүнд ойлгогдохгүй нь мэдээж бөгөөд “monastery  гэсэн үгээр онооход утга зөрөх, ойлголт гажуудах зүйл үгүй билээ. Тиймээс энэ мэт үгийг цаашид (ger- means that Mongolian traditional house) гэх зэргээр тайлбартайгаар дүйцүүлэх нь зүйтэй байна. “Эх орон минь” (Oh, my mother land) гэсэн бадгийн давталт, шадын хашилт болсон яруу хандал, аялга үгийг энгийн “Мother land” гэсэн хадмал орчуулгаар буулгасан болон “Эх орон”, “нутаг” гэсэн үгнүүдийг шүлгийн санаанд нийцүүлэн оновчтой сонгохгүй хольж хутгаад буй нь “Нутаг” шүлгийг “Мotherland, “Эх орон” гэсэн шүлгийн нэрийг “Homeland гэж андуурснаар батлагдана. Бас хоёуланг нь сүүлчийнхээр ижил орчуулсан нь ч ихэнх төлөв байна.

Тав. Эсрэг утгаар сөрж харсан мунхрал

“Гэрийн гадаа ээжүүд торойн аяны ерөөл шивнэхэд”-“Майхны гадаа ээжүүд хүрээлэн аялалын залбирал шивнэхэд” гэж “торойх” гэдэг үгийг “тойрох” гэсэн огт өөр, эсрэг утгаар бичсэн нь ээжүүд хүүгээ хаа сайгүй гэрийнхээ гадаа сүү өргөн “Гэгээн алсад одсон хөвгүүд ерөөлийн үзүүрт торолзон” байх тэдэнд ерөөл хэлж зогсдог гэдэг ерөнхий санааг олон ээжүүд нэг дор учир тойрон зогсож байсан болгосон нь андуу дутуу ойлгосных л юм. “Уулс минь”, “дэлхий минь” гэсэн гуравдугаар биеийн төлөөний үг, шадын сүүл хашсан яруу хандлыг “дэлхийд”, “уулсад” гэх мэтээр нэр үг болгон өөрчилсөн эндүү хуудуутай зүйл ч цөөнгүй байна. Номын эхний уянгын сэтгэмж болох “Тэнгэр”-т
“Тэгээд би өөрийгөө
Тэнгэрээс тасарснаа мэдрэхүй”

гэсэн хоёр шад шүлгийн үндсэн утга илтгэх үгийг “мэдрэхгүй”, “үл мэдрэхүй” (And so I do not feel that I am broken away from Heaven) гэсэн эсрэг утгаар ойлгосон нь шүлгийн санаа “цэнгэг устай худгийн амсар дээр харангадуулж ойчуулсан цангамал адууны дүр зураг”-тай агаар нэг болжээ. Мөн “Уянга дуулал авчирсан анхны ичимхий дурлал” гэсэн шүлгийн мөрийг “Уян яруу хайртай учирч буй бүсгүйн анхны дурсамж” болгосон байна.
“Улс амьтан яагаад тэнгэр ширтэн гөлөрдөгийг ойлгомуу” (Heaven is so close, watching the people and the animals). Энэ “улс амьтан” гэсэн хоршоо үг тэжээмэл ба зэрлэг амьтны тухай хэлсэн бус бөгөөд хүмүүс гэсэн санааг илтгэж буй тул шүлгийн толгой холболт, бас айзам хөгийн үүднээс нэмэгдэж орсон болохоор гагц “people’s гэхэд л болох байв. Хэрвээ эл шүлгийн орчуулгад “animals-ийг people-той зэрэгцүүлж бичсэнийг зөв гэж үзвэл “зэрлэг амьтан ба хүмүүс”, “хүмүүс ба өөдгүй хүн” тэнгэр ширтэж буйг харж буй уянгын баатрын дэмийрлийг сайшаахад хүрэх юм. Амьтад тэнгэр ширтэн бодмоглох гүн ухааны санааг уран сайхнаар илэрхийлэх түвшинд өнөөгийн яруу найраг хүрээгүй болохыг анзаарах л ёстой. Орчуулга гэдэг зөвхөн хэлийг нь таньж мэдэх бус тухайн орны соёлын судалгаа давхар явж байдгаараа хариуцлагатай нандин үйлс атал
“Өөр найрагч, өөр хүүхэнд
Өнөөдрийн минийхээс дутахгүй дурлана”
гэснийг “Өнөөдрийн надаас бага дурлана гэсэн эсрэг утгаар,  “Амьтны их орчлонд” гэсэн үгийг “Араатан амьтан догшин адгуусын орчлонд” (In the world of beasts)  гэж буруу нэрлэсэн, “Гал зуухандаа би хоол бэлдэж гариг одод руу гар сунганам” гэсэнд “Галт зүрхэндээ” (fire’s heart) хоолоо бэлдэн гараа сунгаж буй галзуурсан хүний дүр зургийг бүтээжээ. Уянгын баатрыг нэг л буруу ойлгосон бол тэр чигээрээ туучихдаг гэм түүний орчуулгад тодорхой харагдаж буй нь эл шүлэгт л гэхэд “Охиноо хөтлөн зогсоно” гэсэн санаа “Намрын шөнө голын эрэг дээр охин (ганцаар) зогсоно” гэсэн утгатайгаар өөрчлөгджээ.

Зургаа. Андуу ташаарсан утгын мугуйдал

“Тэнгэрлэг” (Divine) гэдэг үгийг “Бүрэн төгс” (broad) гэсэн утгатай үгээр яавч орчуулах аргагүй юм. “Хувь заяа” (fate)-г “Зол завшаан” (fortune) гэсэн шигээ “Хувь заяаны эрх”-ийг “Хувь тавилангийн хүч” хэмээн хүч нэмэгдүүлсэн мөн л өөр утгаар буулгажээ. “Орчлонт”, “төгөлдөр” зэрэг тогтсон үгсийг ойролцоо утгатай үгээр, “Бие цогц” гэсэн утгатай “Нууцлаг цогцос” гэсэн үгийг “Нууц хэлбэр дүрс” (Secret form) хэмээн сүнс сүг аятай болгожээ.
“Хожим буцахдаа хүүдээ орхих
Хорвоогийн тансгийг бүтээж явна”

гэснийг “Гайхамшигт дэлхийг бүтээхээр би буцаж ирэх болно, хүүдээ үүнийгээ үлдээнэ” (And I shall come back, to create the glorious earth, and leave it to my children) хэмээн эндүүрсэн шигээ “Эйнштейний үлдээсэн барс-цагаан үүлсийн сүүдэрт”-“Эйнштейн надад бар гэрээслэсэн цагаан үүлсийн сүүдэрт” (In the shadow of the white clouds, the tigers bequeathed to me by Einstein) гэж ойлгогдохоор болгон “Замаар морьтой хүн шогшин гарч ирэхийг ажиглаж” гэсэн мөрийг “Морь унан яаран сандран ганцаар гарч ирэхийг харсан” (I watch a man jogging on horseback along the road) байх юм. Зүй нь “horseman гэсэн морьтой хүнийг нэрлэх тогтсон үг бий бөгөөд “Бухалдсан өвс” (a mound of hay) гэхийг “Stocked grass (дүүрэн өвс) хэмээн ямар ч ойлгомжгүй холбоосоор, “Оргилын мөнх цас” гэснийг “Мөнх цасны оргил” (peaks of eternal snows) хэмээн хэл зүйн алдаа гарган “Хүлээн авна” (to token) гэсэн утгыг “Хүлээж байна “(waiting), “Хүртэхүйг соргог болгох”-“Хүлээж авахад бэлэн байлгах”, “Хүүхэн хонгор бие”-“Энгийн бие”, “Алдрай” (teen age) гэх мэт үгсийг ерөнхий утгаар, “Өөртэйгөө”-“Бусадтай” гэх мэт эсрэг утгаар сэдэвтээ дөхүүлсэн шинж ажиглагддаг. Хэдий ингэж англи хэлт хүнд ойлгогдохоор орчуулахыг хичээсэн боловч шүлгийн дотоод амин санааг гээгдүүлсэн нь цөөнгүй юм.
“Өвс ногооны аймаг өнөр олуулаа
Өргөн дэлхийг бүрхэн шуугина”
гэснийг “Бүхий л өвс ногоо миний садан төрөл, дэлхий ертөнцийг би хучин бүрхэнэ” гэсэн огт өөр утгаар андуу нэрлэсэн бол
“Хөлийн чинь дор найгалзсан шигээ
Толгой дээр чинь шуугин ганхана”
 гэсэн уянгын хоёр мөрийг мөр давуулан утга сөргүүлж, санаа гээгдүүлэн тоочсон байна.
“Сэржмядаг” хэмээх цэцгийн нэр, “Хөв хөх” гэсэн үгүүдийг орчуулаагүй орхихын зэрэгцээ эл өнгөний тодотголуудыг янз бүрээр орчуулжээ. Монгол хэлний “хөв хөх”, “шав шар”, “тув тунгалаг” гэх мэт эдгээр тэмдэг нэрийн тодотгол яруу найрагт түгээмэл хэрэглэгддэг онцлогийг англи хэлэнд орчуулах туршлага тийм сайн бус билээ. Тиймээс утгын зохицлыг оновчтой шийдэхэд анхаарах нь зүйтэй бөгөөд “Амьтай чулууд”-ыг “Амьдарч буй чулууд” хэмээн буулгасан нь “animate, alive гэх мэтийн тогтсон үг хэллэгийг тойрч гарсан эндүүрэл гэлтэй байна. Энэ бол чанарыг бус тоог шүтсэн манай уран бүтээлчдэд ч хамааралтай сануулга мөн юм. “Намрын ухаарал” гэсэн шүлгийн нэрийг “Намрын эрдэм мэдлэг, оюун билиг” гэсэн утгаар гуйвуулсан, “Эмгэн хүн”-“Бүсгүй хүн”, “Эмгэн”-“Настай бүсгүй”, “Эмгэн эх-ээж”  зэргийг гүтгэж байна гэж бодуузай. “Намайг торниулсан эмгэн эхээ саналаа” (I keep thinking of the mother who raised me), “торниулж өсгөсөн эмээгээ үгүйлнэ” гэсэн бичвэр “хөгшин бүсгүйг санана” (old woman) болж хувирч байна. Яг үүнтэй адил “Буурал өвгөд”-“Настай хүмүүс”, “Өвгөд”-“Хөгшин хүмүүс”, “Эр бие гундаасан”-“Хүний бие нялхруулсан”, “Сайхан залуус”-“Залуу хүмүүс”, “Тэнгэрлэг өнөөгийн гялбаанд зогсоно”-“Өнөөдрийн саруул гэрэл дунд зогсоно”, “Ухаарал”-“Мэднэ”, “Шүүдэрт тал”-“Сүүдэр дундуур”, “Хад чулуу цэцгэн дээгүүр гишгэж явахдаа”-“Хад чулуу цэцгэн дунд зогсохдоо” гэх мэтийн солгойрол нь “нууц үг” (password)-ийг бид “alarm-word, keyword, parole” гэх юмуу “secret word” гэж үгчлэхээс өөр аргагүйд хүргэх хэнээрхэл болж буй юм.
“Жижиг навч шиг охины минь алга
Жил сараас авч үлдсэн өөрийн ганц амь ажээ”
гэсэн мөрийн орчуулгыг уншаад монгол шүлэг болговол
“Бүжиглэж буй навч шиг энэ охины алга
Сар жилээс хэрэглэж авсан маш их амьдрал минь юм”
гэж бууж байна.
 “Мөчийн төдий мартахаар ном уншихад
Мөр бүхэнд нь хурга эрхэлж харагдана” гэснийг
“Хайхрамжгүй үед бид ном уншихад
Хурга тоглох шиг мөч бүхэн санагдана”
гэсэн утгаар гадаад хүмүүст хүргэж буйг сайны үйлс гэх үү, муугийн үйлс гэхүү? Энэхүү “Өчил” шүлгийн эхний мөр болох “Навч бүхэн ном болон хувирдаг” гэснийг “Навчны жам бол урсан өөрчлөгдөх болно” (the way of leaves is to be in flux) гэсэн утгаар орчуулсан зэргийг хөнгөхөн ажиглаж монгол-англи орчуулга хийх бус орчуулга хийж сурахын чухлыг тэмдэглэн өгүүлэхэд энэ мэт болой.
Саймон монгол үгийг сайн ойлгодог бололтой ч монгол хүний сэтгэлгээг дутуу ойлгосон уу, ямартай ч төрөлх хэл рүүгээ утга яруу ойлгомжтой орчуулаагүй нь бидний авсан уртхан агаад товчхон жишээнээс ийн тодорхой болж байна. Түүний зөвхөн монголын уран зохиолын орчуулгын бүтээлүүд гэвэл  2006 онд “Perfect Qualities: The Collected Poems of the 5th Noyon Khutagt Danzanravjaa (1803-1856)”, (with Sh Tsog) Ancient Splendor: The Best of Mongolian Poetry”, 2007 онд G Mend-Ooyo Golden Hill”, Nomadic Lyrics”, “A Very Big White Elephant”, New Voices in Mongolian Poetry”, (with Sh Tsog) The Best of Mongolian Poetry”, O.Dashbalbar The River Flows Gently”, 2008 онд O Dashbalbar The Battle for our Land has Begun”, Ts Erdenetsogt Sky of Mind”, J Dashdondog Mom, Dad and Me”, “An Anthology of Mongolian Literature(with Sh Tsog) зэрэг юм.
Яруу найрагч Г.Мэнд-Ооёогоос “МУЗ-ын элчин сайд” (МУЗ-ын түүвэр эмхтгэл II-ийн өмнөтгөлд) өргөмжлөл хүртсэн  Саймоны ганцхан түүврийн зөвхөн шүлгийн орчуулгад ажиглалт хийхэд энэ мэт үргэлжлэх бөгөөд үргэлжилсэн хэлбэрийн уянгын сэтгэмж, эсээ, зураглал, өгүүлсэн шүлэг, хүүрнэл өгүүлэмж хэрхэн орчуулагдсаныг бид таашгүй юм. Энэ бүхэн хэн нэгнийгээ гоочилж буй бус Швейцарт хоёр жил шавилан суухын өмнө Төвдийн соёл судлан Англидаа дундад зууны уран зохиол, Герман хэлний мэргэжил эзэмшсэн, зураач, зурхайч, хөгжмийн мэргэжилтэн, АНУ дахь Азийн орчуулагчдын холбоог үүсгэн байгуулагч, Олон улсын орчуулагчдын “Пен” шагналт, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан гээд олон талын авъяастай бүтээлч залуу түүний цаашдын ажил үйлсэд санамж сэрэмж болгон энэхүү нуршаа өгүүлбэрүүдийг хэлхэн хэвлүүлж буйн учир энэхэн бөлгөө. Ялангуяа монгол зохиолыг англи хэлэнд орчуулан түгээх ариун үйлсэд нь. Түүний “зохионо” гэсэн үгийг “бичнэ” гэсэн тодорхой, оновчтой бус ерөнхий төлөөлсөн буюу дундаж үгээр илэрхийлсэн, хавсарсан нийлмэл өгүүлбэрийг энгийн өгүүлбэр болгосон зэрэг хэл зүйн алдаа, орчуулгын утгын дагигийг огоорсон муу бүхнийг орхиж, онцолж шүүмжилснээс бусад нь гайхалтай орчуулга болсон сайн үйлс давамгайлж буйг бас тэмдэглэх ёстой.

Долоо. Зөв таньсан яруу олзлол

“Амьддаа бие биенээ хайрла” (Love one another, my people)  шүлгийн ялангуяа эхний дөрвөн мөрийг яруу сайхны гойд мэдрэмжээр аялгуулан буулгаж утга яруу, гүн гүнзгий орчуулсан байна. Мөн “Уйтгарт навчис чимээгүйхэн шавигнаж” (the sad leaves flutter slightly) гэх мэтийн чадварлаг орчуулга бүхий торгон мөрүүд цөөнгүй юм. Тухайлбал “Байгалтай нэгднэм” шүлгийн гуравдугаар хэсэг болох
“Мандах нарыг өглөө бүр уулан дээрээс хараарай, амраг минь
Манхан тэнгэрийн доор гэрлийн бороонд сэтгэлээ ариутгаарай
Өнгө цогцлолын орчлонд чи минь гэрлийн бяцхан булаг юм шүү
Өндөрт орших наран ээжийн охин, газар унасан дусал нар юм шүү
Өнгөлөг гоо биеэ гэгээ гэрэлтэй нэгтгэх гурав дахь алхам бий шүү!
(My love, please gaze every morning at the sun,
rising in the red overhead,
And purify your mind in the rain of light
beneath the vast skies
In the world of colorful images, you are my small spring of light,
the daughter of the mother sun who dwells above,
                                                a sundrop fallen on the land
The third step is to join your colorful beautiful
body with the shining light!)
хэмээн “гэрлийн бяцхан булаг”, “газар унасан дусал нар” зэрэг өвөрмөц дүрслэлийн нээлт, нарийн ширийн ойлголтуудыг тод томруулан илтгэн орчуулсан байна. Ингэж яруу найрагч О.Дашбалбарын эх орон, байгаль дэлхийн сэдэвт уянгын шүлгүүдийг монгол ахуй, сэтгэлгээнд ойртуулан орчуулна (англи хэлнээ) гэдэг оюун санааны ертөнцөд хийсэн том ололт, сайн үйлс гэдэгтэй маргахгүйн үнэн хэнд ч бий. “Намрын ухаарал” шүлэг дэх
“Ертөнцийн хөг аяыг эндээс сонсож,
                        хорвоогийн сайхныг өөрийн биенд нөөцөлнөм
Есөн сарын эхээр гол усны алтан цаг,
                        хүний сэтгэл ариусдаг мөч өө!
Мөнгөн аяганд голын уснаас хийн амсахад,
                        эрдэнэ амссан мэт болоод
Хөнгөн аялгуу энэхэн биеэр тархаж
өөртөө би гол усыг хадгалнам”
(I hear the melody of the world, and I hold
in my body the earth’s beauty
The beginning of September is the golden time,
the moment when the human mind is pure!
Drinking the waters of the stream from a silver cup is like
drinking  jewels and, dispersing the tune
through my body, I collect the waters for myself)

гэсэн гайхалтай онож, уран сайхныг нээн орчуулсныг бас онцлон тэмдэглэхээс аргагүй. Бидний муу үйлсийн эсрэг хандсан орчуулгын харьцуулсан шүүмж өгүүлэлд шүлгийн агуулгыг монгол хүний сэтгэлгээгээр үг үсэг, мөр бүрээр тулган санааг шүтээд үгийн олон салаа утгыг үл хайхран муйхарлан зүтгэж, муучлан зөрүүдлэхийг зориогүй бөгөөд монгол хэлний уг үг англи хэлэнд тогтсон ойлголтыг илтгэх үгээр бус буруу ойлголтоос улбаатайгаар мунхарсан, хэн бүхний нүдэнд илхэн алдааг цохон тэмдэглэж, хориглон шүүмжлэхэд ийм байна. Монгол шүлгийг эндүү ухаарч, үгчилж орчуулсан нь алдсан оносон болохыг цаг хугацаа шүүтүгэй.
“Шүлэг, хүлэг хоёрт дэлхийн дэвжээ” (Б.Явуухулан.1977) хэрэгтэй ч юм билүү, ойртох ч юмсануу, хэн мэдлээ. Гагцхүү сайн үйлс л дэвжин дэлгэртүгэй!

No comments:

Post a Comment