Loading...
[Powered By Hicheel.Info]
  • Image and video hosting by TinyPic Баянмөнхийн уран бүтээл
    Гэрэл зураг
  • Image and video hosting by TinyPic Баянмөнхийн уран бүтээл
    Гэрэл зураг
  • Image and video hosting by TinyPic Баянмөнхийн уран бүтээл
    Гэрэл зураг
  • Image and video hosting by TinyPic Баянмөнхийн уран бүтээл
    Гэрэл зураг
  • Image and video hosting by TinyPic Баянмөнхийн уран бүтээл
    Гэрэл зураг
  • Image and video hosting by TinyPic Баянмөнхийн уран бүтээл
    Гэрэл зураг
  • Image and video hosting by TinyPic Баянмөнхийн уран бүтээл
    Гэрэл зураг
  • Image and video hosting by TinyPic Баянмөнхийн уран бүтээл
    Гэрэл зураг

2012-10-21

"Ижий ээлтэй орчлон" тоглолт реклам

Яруу найрагч Нямбуугийн Баянмөнхийн бие даасан уран бүтээлийн "Ижий ээлтэй орчлон" тайлан тоглолтын реклам

"Говь Шанхын нутаг" ном худалдаанд гарлаа.

Зураач клиграфич В.Баатарчулуун, Яруу найрагч Н.Баянмөнх нарын хамтарсан "Говь шанхын нутаг" ном, CD, DVD бүхий ном цомог худалдаанд гарлаа.

Яруу найрагч Баянмөнх, Хөгжмийн зохиолч Найданжав нарын хамтарсан уран бүтээлийн тайлан тоглолт

 
Яруу найрагч Баянмөнх, Хөгжмийн зохиолч Найданжав нарын хамтарсан уран бүтээлийн тайлан тоглолт

2012-10-12

АЛТАН ТУУРАЙТ АЖНАЙ



Эхийнхээ саамаар амласан
Монгол унага аа
Эзнээ явгалж үзээгүй
ээлтэй хүлэг ээ
Эртний өвгөдийн
шаргал түүхээс
янцгааж сонсогдоно оо
Эзэн богдын уяан дээрээ
үүрсэн шилгээнэ ээ

БОТГОНЫ ДУУ




Зэрэглээнд өндөлзөх алсаасаа
Зэрвэсхэн торолзох нь
ээж минь үү дээ
Бүлээн сүүгээ ивлүүлсээр
Бөн бөн тэшүүлсээр ирэв үү дээ

СЭРГЭЛЭН ЖААХАН ДҮҮ МИНЬ



Дэндүү дэндүү тодхондоо
Дэврүүн балчир нас минь дээ
Дээл нь жаахан тоодгордоо
Дэггүй хөөрхөн дүү минь ээ

ТЭНҮҮН ШАРГАЛ ГОВЬ



Борлог борлог үүлс нь ээ
бороошиж хааяа мэлмэрнэ ээ
Бодолд дандаа хоргодох
борхон толгод нь зэрэглээтнэ ээ
Ингэн ингэн буйлаа
сэтгэлд үргэлж хоргодоод оо
Ижилгүй ганцхан нутгаадаа
ижийдээ юм шиг яарна аа

ОМОГШИЛ



Унасан нутаг минь
Угаасан ус минь
Уудам хөх Монгол

Овог нэр минь
Онгод хийморь минь
Орчлонд ганцхан Их Монгол оо

ӨӨШ МАНХАН



Мишээж мандах нарны
Мэндийн туяанд шижиртээд
Сайхан ээж минь сацал өргөх
Санааны торгон - гэгээн өлгий

ШАРГАЛ ТАЛЫН ДЭЭГҮҮР



Шаргал талын дээгүүр
ямархан аялгуу урсана вэ
Шаргын давхианд хархүү
ямархан дуугаа аялна вэ
Шанзны уяхан аалинаас
ямархан эгшиг тасарна вэ
Шанхаа илбээд бүсгүй
ямархан хайрыг дуулна вэ

ЦЭНХЭР БОРЖИГОН



Хуураа хөглөн татахаараа
ертөнцийн түүхийг хүүрнэдэг
Хуучны өвгөдөө дурсахаараа
Монгол цадигаа санагалздаг
Бодончир дээдсийн хүлгийн
туурайн мөрийг хадгалсан
Боржигон ихэс түмний минь
буурь нь шаргалтах нутаг аа

ГОВЬ ШАНХЫН НУТАГ




Унаган хүлэг нь
газраа үнэрлэн
гүйж л ирдэг
эх нутаг минь
Удамт хөвгүүд нь
нүдээ ч цавчилгүй манасан
хөх тэнгэр минь
Эцэг дээдсээс хүйн холбоотой
эрдэнийн өлгий минь
Энэ л насанд
ганцхан заяасан
төрсөн нутаг минь

ЗҮҮД ЭРГЭХ НУТАГ



Аянч үүлсийн нүүдэлдээ
эргэж хоргодон сэмэрдэг
Айраг дууны дугараатай
налгар шаргал намраараа
Айлын жаахан бүсгүй
хуримаа хийсэн уянгатай
Арван долооны өдрийг
мартаж яахан чадах вэ
           

АЯЛГУУТ НУТАГ



Усандаа цувсан
адууны мөрөөр
тоостой наран ургаж
Удган шуранхай гэгэлзэхүй
найраг шилгээн цацарсан
Тургилах хүлгүүд нь
тунгалаг цээл уртын дуутайгаа
Туурайн чийртэй талынхаа
тунамал өглөөг сэрээсэн

ЛУСЫН БУЛАГ



Бүжин хонгор салхин
            цэцгийн элгэнд зүүрмэглээд
Бүүвэй намуун ганхаанд нь
үнэгчилж амардаг замбуу
Лусын цэнхэр булгаас
амгалан гөрөөс ундлаад
Луу ичдэг усанд нь
мөнхийн хутаг оршино оо

ЭЭЖДЭЭ ЭРХЭЛЖ ЗҮҮДЭЛЛЭЭ



Өдлөөд ниссэн шувууд
өнийг зорьдог орчлондоо
Өглөг буурал ээжийнхээ өвөрт
эрхэлж өслөө дөө
Тэргэл мөнгөн шөнөөр
нойроо хугаслан хуурайлсан
Тэнгэр ачлалт ижийдээ
хэдий хэдийдээ золголоо доо

ИЖИЙ СУВАРГА



Наран мандах өглөөг
сэтгэлийн гэрлээр сүлээд
Навчис хагдрах бүрийд
гунигийг нь хөнгөлөхсөн ээжийнхээ
Үрээ гэсэн ээжийтэй хүн
буруудахын мөргүй орчлондоо
Үүлэн сүүдрээс ч төөрүүлэн
ачилж асрахсан ээжийгээ

ЭЭЖДЭЭ ОЧНО ДОО



Үүрээр ч сэрвэлзээд
Үргэлж харуулдаад
Дээжээ өргөөд /өө/
Дэлхийдээ даатгасан

ИЖИЙ ЭЭЛТЭЙ ОРЧЛОН



Мөнчиг их зовоосон доо ээжийгээ
Мөр бүтэн явж л нэг баярлуулахсан даа
Өөдөсхөн жаахан гэж бодох  юм даа ээжий минь
Өвлөөс урьтаж очоод  сэтгэлий нь  нэг амраахсан
Намрын сэрүүн өглөө үнээ  сааж
Намайг л гэсэн сэтгэлийг нь тэнийлгэхсэн дээ

ААВ МИНЬ НАМАЙГАА САНАА ДАА



Нуман шаргал өвс нь
хяруутаж үзэгдэнэ ээ
Нутгийн хонгор толгод
намаршиж байгаа даа
Цанатаж хоносон борлог
бөмбөж зүүдлэгдэнэ
Цанхтай хүлгээ агсрахаар
хүүгээ санаа даа аав минь ээ

ААВ Л НУТАГ ХОЁР МИНЬ



Боролжийн говьдоо аавтайгаа
Ховоо татаж зүүдэллээ
Бойтогт багын нутгаа би
Хоолой зангируулж саналаа даа
Зэмлэх ч биш дээ аав минь
Хүүгээ баахан санаад аа
Замын хүнээс сураглаад
Битүүхэн хүлээж суугаа даа

ААВДАА ОЧООРОЙ



Навчис шарлуулж аавыгаа
битгий хүлээлгээрэй
Насны шувуудын далиар
сүүдэр тусчих вий дээ
Алсхан холын чанадаас ч
амжуулж нэг л очоорой доо
Алагхан үрээ үнэрлээд
насаа нэмэх ч билүү дээ

ААВЫНХАА ТУХАЙ ЯРИХАД…



Аавынхаа тухай ярихад
бага нас минь дурсагдана аа
Адуу мал, найр наадмын үнэр
ханхийх шиг санагдана аа
Хараад л баймаар,
дагаад л явмаар,
яриаг нь сонсоод л баймаар
Хан буурал аавынхаа тухай
яриад л суумаар аа

БИ МОНГОЛ ХҮН



Тоонот цагаан гэрийнхээ
Эсгий өрхийг өндөлзтөл
Тогтуун цэнхэр мөрнийхөө
Дөлгөөн усыг цалгилтал
Ээжийн минь түшсэн арагны
Эр үдээрийг тасартал
Эргэх орчлонд мэндэлснээ
Эгшиг хадаан зарласан
Би Монгол хүн

ЗАЛУУ НАС




Гунигийг надаас
олж харахгүй ээ анд минь
Гурван цагийн эргэлтэнд
гунихын чөлөө олдохгүй
Дэндүү залуу насны
өдөр бүхэн минь шинэхэн
Дэргэд минь шувууд өдөлж,
эрх дураараа нисэлдэнэ

ДУУЛЖ ЯВААРАЙ ҮР МИНЬ




Өдөр өдрөөр өсөх
            өөвөн жаахан үр минь
Өр зүрхний шүтээн
хайраас мандсан наран минь ээ
Хөдсөн бойтог элээж
хөлд орсон шороонд чинь
Хөрстийг шуугиулж явсан
хөх өвгөдийн минь мөр бий шүү

МОНГОЛ НУТАГТАА


Та биднийг наран ялгалгүй ивээнэ
Талын цэцэгс, зөөлөн бороонд адилхан алхална
Инээх, уйлах, баярлах, гомдох хүний амьдралын
Ижилхэн тавиланд нэгэн үеийг элээх болохоороо
Таны төлөө, чиний төлөө, бид бүгдийн төлөө
зүрх минь цохилно оо 

БОДОЛ ШИГ ӨДРҮҮД




Хэзээ ч билээ зүүдэлсэн
сайхан зүүд шиг санагдах
Хэлхээ мянган өдрүүдийг
инээмсэглэн угтана би
Уулзсан хүмүн бүхнийхээ
сэтгэлийн сайхнаар гэрэлтэж
Учралын энэ л хорвоодоо
аз жаргалаа бүтээнэ би

"Бурхан багшийн сургаал"


Бурхан багшийн сургаал сонсохоор хүргэж байна

2012-10-09

"Аймгийн Алдарт Уяач А.Гантөмөр: Аавын маань хурдан боруудын цус одоо ч миний адуунд бий"





"Хурдан бор" хэмээн Дундговьд алдаршсан аймгийн алдарт уяач Жамьяаншаравын Авирмэдийн хүү аймгийн алдарт уяач Гантөмөр манай сайтын Тод магнайн хойморт саатлаа. Сүүлийн арав гаруй жил Өмнөговь аймагт нутаглаж, энэ аймгийн баяр наадамд сайн наадаж, алдар цолонд хүрээд байгаа уяачтай аавынх нь хурдан морьд, өөрийнх нь адууны удам угшил, морины уяа хэрхэн хувьсч байгаа талаар ярилцлаа.

Бор морьт





 Олон хурдан бор мориороо орон нутагтаа нэрд гарсан Авийжаа бол өдгөөгийн нийтийн дууны шүлгийн нэрт мастер Нямбуугийн Баянмөнхийн өвөг эцэг юм. 1926 оны бар жил Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Говь Шанхын ууланд төрсөн энэ хүн 1960  оны эхээр Хулд суманд шилжиж иржээ. Ирсэн дараа нь түүний хоёр бор морийг Хулдын морьд хэдэн жил дийлээгүй юм гэдэг. Хоёр борын дунд Хулдын Ч.Шижээгийн хээр, Л.Цэвэг-Очирын гархин хэмээх хоёр морь л хавчуулагдаж байсан түүх  бий.

2012-10-01

Яруу найргийн орчуулгын өнөө үе ба Саймоны сайн муу үйлс


Д.Цэвээндорж

Яруу найргийн орчуулгын өнөө үе ба
Саймоны сайн муу үйлс

(О.Дашбалбарын “Гол ус намуухан урсана”
түүврийн орчуулгын жишээн дээр)

Хүн төрөлхтний оюун санааны хөгжилд яруу найрагч, соён гэгээрүүлэгч, гүн ухаантан сэтгэгчдийн оруулсан хувь нэмэр багагүй юм. Монголын уран зохиолын томоохон төлөөлөгчдийн түүвэр зохиолууд англи хэлнээ орчуулагдана гэдэг оюун соёлын том ололт гэдэг нь маргаангүй билээ. Ялангуяа монгол хэл мэддэг уран зохиолд элэгтэй нэгэн, төрөлх хэл рүүгээ орчуулан хөтлөх нь монголын утга соёлын түүхэнд тохиох ховорхон аз завшаан гэлтэй. Уран зохиолын ололтоо гадаадад сурталчлах санаархал хичнээн жил яригдаж ирсэн ч дагнасан мэргэжлийн орчуулагчийн залуу халаа бэлтгэгдээгүй байгаа өнөө цаг үед Саймонд талархахаас өөр аргагүй байна. Учир нь тэрбээр  манай олон уран бүтээлчийн шүлэг зохиолыг  орчуулан хэвлүүлж буй нь бахархмаар сайн үйлс нь юм. Үүний нэг нь О.Дашбалбарын “Гол ус намуухан урсана” (1989) түүврийг “The Rivers Flows Gently (2007)  нэрээр хэвлүүлсэн явдал ч энэ нь Саймоны сайн, муу үйлс болон биежиж байгааг тэмдэглэхгүй өнгөрөх аргагүй байна.

Яруу найрагч Н.Баянмөнх: Яруу найраг, уран бичлэг хоёр салшгүй холбоотой урлагийн төрөл зүйлүүд



Яруу найрагч Н.Баянмөнх, уран бичээч, зураач, калиграфич В.Баатарчулуун нар хамтарч “Говь Шанхын нутаг” хэмээх сайхан ном бүтээжээ. Энэ номд Н.Баянмөнхийн яруу найргийн бүтээлүүдэд В.Баатарчулуун калиграфи хийж, зарим нэгийг нь зургаар чимэглээд, шилдэг дуунууд бүхий аудио цомог, шилдэг клипүүд бүхий DVD –г багтаажээ.