Loading...
[Powered By Hicheel.Info]
  • Image and video hosting by TinyPic Баянмөнхийн уран бүтээл
    Гэрэл зураг
  • Image and video hosting by TinyPic Баянмөнхийн уран бүтээл
    Гэрэл зураг
  • Image and video hosting by TinyPic Баянмөнхийн уран бүтээл
    Гэрэл зураг
  • Image and video hosting by TinyPic Баянмөнхийн уран бүтээл
    Гэрэл зураг
  • Image and video hosting by TinyPic Баянмөнхийн уран бүтээл
    Гэрэл зураг
  • Image and video hosting by TinyPic Баянмөнхийн уран бүтээл
    Гэрэл зураг
  • Image and video hosting by TinyPic Баянмөнхийн уран бүтээл
    Гэрэл зураг
  • Image and video hosting by TinyPic Баянмөнхийн уран бүтээл
    Гэрэл зураг

2012-10-01

Яруу найрагч Н.Баянмөнх: Яруу найраг, уран бичлэг хоёр салшгүй холбоотой урлагийн төрөл зүйлүүд



Яруу найрагч Н.Баянмөнх, уран бичээч, зураач, калиграфич В.Баатарчулуун нар хамтарч “Говь Шанхын нутаг” хэмээх сайхан ном бүтээжээ. Энэ номд Н.Баянмөнхийн яруу найргийн бүтээлүүдэд В.Баатарчулуун калиграфи хийж, зарим нэгийг нь зургаар чимэглээд, шилдэг дуунууд бүхий аудио цомог, шилдэг клипүүд бүхий DVD –г багтаажээ.

 ·         Сайхан бүтээл болж. Би та хоёртой утсаар холбогдоход ном гэж бодож байлаа. Гэтэл одоо харах нь ээ цомог гэмээр ч юм шиг. Та хоёр юу гэж нэрлэж байгаа вэ?

·         Ном гэж нэрлэлгүй яахав. Номонд бүх зүйлс багтдаг. Буддын гүн ухааны чой гэдэг ухагдахуун байдаг. Чой тамжад ч гэж ойлгож болно. Үүнийг үгчлэн ойлговол хамаг юмс гэж ойлгож болох боловч манайхан монгол хэлнээ ном гэж буулгасан байгаа юм. Үүнийг өрнө дахины книга, book  гэдэг ухагдахуунаар ойлговол учир дутагдалтай юм. Ном хэмээх ойлголтонд дорно дахины ард түмэн бүхнийг багтаан ойлгож танин мэдэхүйн гол арга хэрэгслээ болгож түүнийг чой хэмээн тодорхойлж иржээ. Тийм ч учраас дорнын ард түмний итгэл бишрэлийн дээд нь болж мөргөлийн хамгийн гол утгандаа чой ла жавсү чио буюу ном дор мөргөмой гэх юм уу ном дор итгэмой хэмээн залбирал үйлддэг болсон байна. Тэгэхээр танин мэдэхүйн эх сурвалжийн дээд үнэнийг тусгасан зүйл бол ном юм гэдэг итгэл үнэмшил зөвхөн дорно дахинд л байж. Тиймээс өнөө бидний үед ч гэсэн номд итгэх тэрхүү итгэл үнэмшил, үнэн мөний мөн чанар, эрхэмсэг ариун дагшин байдлыг хадгалан үлдээж, хойч үедээ өвлүүлэх явдал юу юунаас илүү чухал байна.

Номоос хүн танин мэдлэг,  ухаарал, бодрол, урлаг гоозүйн таашаал, хүсэл эрмэлзэл, бахархал олж авах ёстой. Номыг минь үзээд ганц ч болов гэрэл гэгээтэй бодол төрж байвал ном бүтээсний гавьяа болох юм.

Өнөөдөр Монголчууд хүн болж төрснийх удам угсаагаа залгамжлах хэрэгтэй, ном бүтээх хэрэгтэй, мод тарих хэрэгтэй гэж ярьдаг болж. Ном бүтээх гэдэг утганд ганц ч болов өөдрөг үзэл санаа, гэрэл гэгээг хүн төрөлхтөнд, хойч үедээ хэлээсэй гэсэн агуулга байдаг гэж би ойлгодог.

Номыг минь үзээд уншигчид, үзэгчид, сонсогчид Монгол түмнийхээ язгуур бичиг соёлын гайхамшгийг бахархаж, энэ цагийн нэгэн уран бүтээлчийн яруу найргийн бүтээлүүдийг уншиж алдаа оноог уран бүтээлчийнх нь хувьд бус уран бүтээлийнх нь хувьд үнэлэн дүгнэж, басхүү энэ цагийн хамтарсан уран бүтээлчдийн цаг зав, хөлс хүч, зүрх сэтгэлээр бий болсон дуунуудыг сонсож, клипийг үзэх боломжийг олгож байгаагаараа ном маань онцлог юм.

·         Номонд олон дуу, клиптэйгээ багтсан байна. Дандаа сүүлийн үеийн уран бүтээл болов уу гэтэл бас биш ээ?

·         2000 оноос хойш зохиосон бүтээлүүд минь уг номонд багтсан. Энэ бол нэгэн үеийн уран бүтээлч бидний хөлс, хөдөлмөрөөр бий болж Монголын урлагийн ертөнцөд нэгэн үе гарч ирэхэд тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлсэн уран бүтээлүүдийн нэгээхэн хэсэг юм л даа. Ер нь уран бүтээлийн нэгэн үе гэдэг бол сайн муу, сайхан муухайдаа бус хэн юу хийж бүтээсэн бэ гэдгээр тодорхойлогдож байгаа юм шиг санагддаг. Сайн бүтээл муу бүтээл энэ тэр гэж яаран дүгнэлт хийдэг хүмүүсийг би гайхдаг юм. Урлагийн бүтээлийн хамгийн үнэнч шүүгч бол цаг хугацаа л байдаг. Шинэ хуучин бүтээл гэдэг ойлголт бол тав арван жилээр биш зуун жарнаар хэмжигдэх ухагдахуун.

Номноос минь 2000-2010 оны хооронд Баянмөнх дууны шүлгийг яаж бичиж байсан юм бэ, энэ үед Монгол бичгийн уран бичлэг, калиграфийн урлагийг Баатарчулуун гэдэг хүн хэрхэн ойлгож, ямархан бүтээл туурвиж байсан юм бол, Баянмөнхийн дууны шүлгүүдийг хөгжмийн зохиолчид хэрхэн ойлгож ямар аялгуу тааруулж, түүнийг дуучин хэрхэн яаж дуулах ур чадвараар илэрхийлж байсан юм бэ, эдгээртэй уялдан дүрсний болон телевизийн урлагийн уран бүтээлчид клипний зохиолыг хэрхэн гаргаж, ямар техникийн хүчин чадлаар, ямар ур чадвартай бүтээл гаргаж байсан юм бэ гэх зэрэг олон олон асуудлыг нэгэн бүтээлийн малгай доороос уншигчид, үзэгчид маань олж харах бололцоо олгохыг бид зорьсон юм.

·         Та хоёр өмнө нь хамтарч ажиллаж байсан уу?

·         2005 онд манай гэр бүлийн хүн Б.Энхмэнд, дуучин Г.Чинболор нарын хамтарсан бие даасан анхны “Хайрын орчлон” нэртэй тоглолт Улаанбаатар паласын концертын их танхимд болсон юм. Тэр тоглолтонд оролцсон уран бүтээлчид болон хамтран ажилласан хүмүүстэй ямар дурсгалын зүйл өгөх вэ гэсэн яриа болсон. Тэгээд Баатарчулуун ахтай уулзан та нэг дурсгалын зүйлийн тухай бодох уу гэсэн. Баатараа ах хоёр хоногийн дараа нэг эх гаргалаа ирээд үзэх үү гэж хэлүүлэхэд яваад очтол дээр доороо догтой хуйлбар торгон дээр хайрын орчлон гэж калиграфаар бичээд шүлгийн зарим хэсгээс уран бичлэгээр бичин дурсгал болгох байгууллага юм уу хувь хүний нэрийг оруулан зохиомж хийсэн байсан. Энэхүү бэлэг маань одоо болтол тэр хүмүүс болон байгууллагуудад хадгалагдаж байгаа нь их сайхан санагддаг.

Түүнээс хойш бэлэг дурсгалын болон бусад зүйлсийг бүтээх талаар хамтарч олон зүйлс хийсэн. Ер нь танилцахын тухайд бол яг хэзээг нарийн санахгүй байна, энэ талаар бодож ч байгаагүй юм байна. Унасан нутаг угаасан ус нэгтэй Дундговь нутгийн л улс юм л даа.

·         -Энэ номыг хийх санааг хэрхэн олов?

·         Анх В.Баатарчулуун ахын урлангаар ороход тэр В.Инжинашийн “Цагаан үүл” шүлгэнд калиграфи хийж чимэглэлд эх шүлгийг монгол бичгийн бийрийн уран бичлэгээр жигтэйхэн сайхан бичсэн байсан. Хэд хоногийн дараа дахиад очтол Б.Ренчин гуайн “Монгол хэл” шүлгийг бас тэгж хийсэн байсан. Ер нь Баатараа ахын их боловсруулалт сайтай гүн гүнзгий утга агуулгатай бүтээлүүдийг чин сэтгэлээсээ хийдэг чанар нь надад гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн.

Үүнээс хойш  бид хоёр уран бүтээлийн талаар олон зүйлийг ярилцаж байсны нэг нь хамтарсан уран бүтээлийн агуулгатай энэхүү номын тухай санаа юм. Цаашдаа бидэнд хийж бүтээхээр төлөвлөсөн олон сонирхолтой санаа байгаа. Тухай тухай үед нь хөзрөө дэлгэхгүй бол сонирхолгүй болчихно байх тийм үү. (инээв)

Ер нь дорнийн ард түмэнд яруу найргийг уран бичлэгтэй хослуулан уран бүтээл туурвих туршлага олон зууны өмнө үүсч хөгжсөн, арвин баялаг уламжлалтай зүйл. Үндэснийхээ эх хэлний яруу сайхныг тодруулах, бахархал төрүүлэх, омогших, минийрхэх сэтгэлгээг би болгоход монгол  яруу найраг, монгол бичгийн уран бичлэгийн урлагийн нөлөө юутай ч зүйрлэмгүй чухал ач холбогдолтой. Хүн гаднын соёлд даган орохдоо биш гаднын соёлыг өөрийн соёлд уусган баяжуулж, хөгжүүлэх явдал чухал гэж боддог. Үндэсэрхэг байх, өв уламжлалаа дээдлэх явдал бол хоцрогдол биш юм. Үүнийг хатуу ойлгох ёстой. Шинэ юм гэдэг ч бас туйлын утгаараа шинэ юм биш байдаг. Өрнийн дахины гүн ухаанд  “...шинэ юм гэдэг сайтар мартагдсан хуучин зүйл байдаг.” гэсэн аксиом байдаг шүү дээ. Энэ бол гишгэсэн мөрөө эргэн харж сургамж туршлага дээр нь тулгуурлан хөгжих утгыг зааж байна гэх ойлгодог. Өнгөрсөн цаг хугацаа бүхэн бидний хөлөө чилээн зогсож байгаа алсыг харах их оргил юм гэдгийг мартаж болохгүй.


·         Загварын хувьд бас ч нэг их нийтлэг төрхтэй харагдахгүй байна. Орчин цагийн номын соёлын тухай таны бодол ямар байна. Бас бүтээлийнхээ үнийн тухайд хүмүүсийн худалдан авах боломжийг бодолцсон уу?

·         Загвар ч яахав. Байх л зүйл. Бас л ном бүтээх уламжлалд номыг дээдлэн баринтагладаг Монгол уламжлалаа л бодсон юм. Одоо баринтаг оёод байвал цаг хугацаа, зардал чирэгдэл ямар байхав. Шогол хийсэн гэх үү дээ. Есөн эрдэнээр номоо бүтээж дэлхийн соёлын их өвд үлдээсэн өвөг дээдсийн үр сад бид чинь эрдэнээр биш юмаа гэхэд боломжийн хайрцаг сав баглаа боодолтой гаргаж байх хэрэгтэй биз дээ. Үүнийг л бодсон юм. Ер нь хийцийн хувьд сайхан бүтээл болгохын тулд оролдсон зүйл багагүй байгаа. Бид дэлхийд биш юм аа гэхэд Монгол туургатан дотроо ном бүтээх соёл, номонд хандах заншил, хадгалалт хамгаалалт гээд номыг тойрсон олон талт харилцаагаараа түүчээлж явах ёстой гэж боддог юм. Энэ ажлийг өөр хэн нэгэн хийгээд өгнө гэж харж байх бус бид өөрсдөө л барьж авч хийх ёстой болов уу.

Энэ цагийн уран бүтээлчдийн дотроос яруу найрагч Цогдоржийн Бавуудоржийн уран бүтээлд хандаж байгаа хандлагыг олон уран бүтээлчийн бахархан дуурайх, хамтран ажиллаж хөгжүүлэх, улам илүүг хийх урам зоригийг хөгжөөсөн гайхамшигтай үйл ажиллагаа гэж дээдэлж явдаг. Бавуудоржийн “Монголын их амар амгалан” шүлгээ мөнгөөр бүтээсэн судар ном, “Хүннү туульс” гээд хийсэн ном бүхэн нь номын утга соёл, мөн чанарын гүнд нэвтэрсэн их бясалгагч чанарыг нь тодруулж байдаг. Бясалгал гэдэг бол нэг газар чимээгүй суугаад байх явдал гэх манайхны ойлгодог түгээмэл ойлголтын хүрээнд биш тэр хүний дотоод ертөнцийг нээн гаргаж байгаа бүтээлүүдийнх нь тухайд харж байгаагаа хэлж байгаа хэрэг. Тэгэхээр энэ цагт уран бүтээлчид бид, бас бизнесменүүд болон хэвлэлийн компаниуд, бидний бүтээлийг хадгалж байгаа номын сангууд, худалдан авч уншиж, гэрийн номын сандаа байлгаж байгаа уншигчид бүгдээрээ хамтран номын соёлын энэ цагийн дүр төрхийг бүтээж байна.

Миний “Говь Шанхын нутаг” номын үнэ их байна гэж зарим хүн гайхаад байх юм. Дэлгүүрт ороод гадаадын үнэтэй архи аваад ууя гэхэд хүрэхгүй мөнгө шүү дээ. Гэхдээ үнэ цэнийн тухайд бол нэг шил виски ч юм уу коньяактай бол зүйрлэхгүй шүү, хамаагүй илүү үнэ цэнэтэй гэдгийг баталгаатай хэлье. Архи худалдан авч байгаа хүний тоо ном худалдан авч байгаа хүний тооноос ямагт бага байгаасай.

·         Ном хэвлэгдсэний дараа энэ шүлгээ оруулчихдаг байж дээ гэсэн бодол төрүүлсэн бүтээл байна уу?

·         Байлгүй яахав. Уран бүтээлч хүнд бүтээл бүр нь л эрхэм байдаг. Тэр утгаараа бүхий л бүтээлээ уншигчдадаа өргөн барьж байвал сэтгэлд сайхан шүү дээ. Миний төрсөн нутаг Дундговь аймгийн Хулд сум. Хулд сумын баруун талаар Хулдын уулс алсаас цэнхэртэн оршдог юм. Тэр сайхан уулсын оргил бүхэн оноосон нэртэй байдаг. Тэр оргилуудын нэгийг Хулан уул гэж нэрлэдэг уул байна. Ер нь Хулдын уулсын баруун тал Дэлгэрхангай уулын өмнө талаар маш сайхан тэнүүн тал бий. Тэр талаар дээр үед хулангийн сүрэг газар хөдөлж байгаа юм шиг хонгортон байсан гэж ярьдаг юм. Тийм ч учраас тэр хулангийн сүргийн хамгийн их орших газрыг Хулан уул гэж нэрлэсэн байж таарна. Яг энэ л газар Монголын эзэнт гүрний их хаан Өгөөдэй намаржиж, цэргээ засаж, ан гөрөө хийж, айраг цагааны сайхныг исгэж таалан зооглодог байсан түүх бий. Бас тэнгэр болсон газар нь тэр орчимд гэж түүхчид тогтоож байгаа. Тийм учраас нутгийн ах Мөнхбатын санаачилснаар “Хулдын цэнхэр уулс” гэдэг дууг номын эх бэлтгэлийн ажил бараг дуусч байхад зохиож, сүүлд нэмж оруулсан.

Өгөөдэй мэргэн хааны гөрөөлж явсан хангай
Өнө эртний түүхтэй өндөр тэнгэрийн орон
Хулан уулын нутаг аа, Хулдын цэнхэр уулс аа

гэсэн дахилттай шүлгэнд маань хөгжмийн зохиолч анд Ш.Өлзийбаяр ая эгшгийг тааруулж, нутгийн дүү МУСТА Э.Төрмандах дуулсан байгаа. Ер нь бүтээл бүр минь надаар овоглосон үр хүүхэд минь л гэсэн үг. Тиймээс алагчлах зүйл байж таарахгүй л дээ.

·         Гэвч номын тань нэрний учрыг асуухаа мартах шахлаа. Яагаад “Говь шанхын нутаг” гэж нэрлэсэн юм бэ?

·         Анх “Бодол шиг өдрүүд” гээд нэрлэчихсэн байсан. Тэгээд нэг л солимоор санагдаад олон талаар ярилцсан. Тэгээд Монгол түмний төдийгүй дэлхий дахины анхаарлын төвд байгаа “Говь шанхын нутаг” гэсэн нэрийг өгөх нь зүйтэй гэж тогтсон юм. Тэгэхлээр зарим хүмүүс “Говь Шанхын нутаг”-т үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниуд, тухайлбал Таван толгойгоос ч юм уу, Оюу толгойгоос ч юм уу их мөнгө аваад номоо хэвлүүлсэн байх гэсэн хардлага гарч ирээд байгаа юм. Тийм явдал огт байхгүй ээ. Тэднээс мөнгө төгрөг аваагүй.
Миний нагац өвөө, эмээ, ээж маань Өмнөговь аймгийн Цогтцэций суманд төрсөн хүмүүс. Гэхдээ ажил амьдралын бүхий л үе нь миний төрсөн Хулд сумтай холбоотой байдаг юм. Ер нь хуучин засаг захиргааны нэгжээр бол Түшээт хан аймгийн Түшээ гүний хошууний л газар нутаг юм л даа. Манай өвөө Ж.Авирмэд, өвөөгийн дүү Ж.Мааманхүү, нагац ах А.Гантөмөр гээд аймгийн алдарт уяачид манайханд байдаг. Энэ айлуудын адууны дээд өвөг нь яг “Говь Шанх” угшлын адуу юм. Би өөрөө ч бас 5 настайгаасаа хурдан морь унаж хол ойрын наадамд айраг түрүү олныг авч байсан. Монголчууд адууны хөлийн тоосонд ороход сангийн утлагаар утсантай адилхан хийморь нь сэргэж байдаг ард түмэн шүү дээ. Энэ утгыг бодож номоо ийнхүү нэрлэсэн юм.
Ер нь Говь Шанхын нутгийн баялаг нь газар доорх эрдэнэс нь гээд бүгдээрээ шуурч байна. Тэгвэл тэр газрын хүн болоод тэдний олон зууны турш бүтээн бий болгосон оюуны болон эдийн соёлын өв түүнтэй зүйрлэшгүй баялаг хэмээн үнэлэгдэх цаг ойрхон бий гэдэгт итгэдэг. Тэр нутгийн мэдлэгтэй боловсролтой, эх оронч үзэлтэй залуус Монголын ирээдүйг авч явна.

·         Номын нээлт хэзээ хаана болох вэ?

·         Энэ 10 сард Монголын Үндэсний Чөлөөт Зохиолчдын Холбооны 21 жилийн ой болж байна. 21 гэдэг их сайхан тоо шүү. Аливаа зүйлийн билэгдэл утгыг эрхэмлэн дээдэлдэг Монгол түмний минь хувьд 21 гэдэг тоо нь нэгэн хэлхээ эрхи буюу нэг бүхэл бүтэн мөчлөгөөс дараагийн мөчлөгт шилжих босго, мөн ариун сайхан бүхний билэгдэл 21 дарь эх гэх мэт дандаа сайн сайхан утгын илэрхийлэл болсон билэгдэлт ой тохиож байна. Холбооныхоо энэ түүхэн ойн үеэр зохиолч уран бүтээлчидтэйгээ номынхоо нээлтийг хийе гэж төлөвлөж байна.

Мөн Өвөрмонголын өөртөө засах орны нийслэл Хөх хотод нээлтээ хийх урилга аваад байгаа. Ер нь монгол туургатан хаана байна тэнд номоо хүргэх юмсан гэж бодож байна. Халимаг, Тува, Буриад, Өвөрмонгол, Шинжаан Уйгарт байгаа монголчууддаа хүргэж худалдаалах ажлыг бүх Хятадын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Хөх хотын “Тэнгэр тал” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулан амжилттай хэрэгжүүлж байна. Цаашдаа Солонгос, Япон, АНУ, Ирланд, Англид суугаа монголчууддаа ч номоо хүргэх ажлыг зохион байгуулна.  

·         Номыг бүтээхэд олон хүний хүч хөдөлмөр орсон юм шиг санагдлаа?

·         Тэгэлгүй яахав. Бид хоёроос гадна номын маань крилл бичгийг Монгол бичигт буулгах ажлыг миний ээж Монгол Улсын гавьяат багш А.Бадамгарав, манай “Гурван-Эрдэнэ” БДС-ийн сургалтын албаны ажилтан Б.Хашцэцэг нар хийж, миний дүү О.Бадам-Очир компьютерт алдаа мадаггүй шивж оруулах ажлыг гүйцэтгэж өгсөн. Бас номын эх бэлтгэлийн ажлыг “Үзэмж төгс урлан” компаний дизайнер Ундармаа ерөнхийд нь хийж, зарим нэг засвар хэвлэлд шилжүүлэх эхийн засварыг Өвөр монголын “Тэнгэр тал” компанид ахлах дизайнераар ажиллаж байгаа миний дүү Т.Төрмөнх хийсэн. Зөвхөн эх бэлтгэлийн шатандаа жил гаруй болсон. Явцын дунд зохиогчийн санаа өөрчлөгдөж тэр бүрт эхэд өөрчлөлт орж байсан ч тэр бүхнийг төвөгшөөлгүй гүйцэтгэж ийм сайхан бүтээл гарахад гүн туслалцаа үзүүлсэн эдгээр хүмүүстээ талархаад баршгүй.


·         Нийт зардал нь хэд болж байна вэ?

·         Тэрийг хэлээд яах вэ. Бидэнд өнгө мөнгө нь биш, бүтээлийн үнэ цэнэ чухал. Анх бодож төлөвлөснөөс хамаагүй илүү өртөг гарсан.

·         Та хоёрын хамтарсан сүүлийн үеийн уран бүтээлийн хувьд?

·         Би “Хурдан морьтын борууд” гэж нэг шүлэг бичсэн юм. Түүнд маань Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны тэргүүн Б.Бямбабаяр ая бичиж, дуучин Э.Төрмандах дуулсан.

Хурдан сайхан уянгалаад эхлэхээр
Хултай айраг нь цалгилаад ирнэм зээ
Шагай шиг борууд магнайлаад хурдалахаар
Шанхайн уулс нь өндөлзнөм зээ... гэсэн шүлэгтэй.

Энэ дуугаа 80 хол гарсан нагац өвөөдөө зориулж хийсэн. Энэ дууны маань шүлгэнд Баатараа ах калиграфи, уран бичлэг, зураг чимэглэл хийж нэг сайхан бүтээл гаргасан. Өвөө маань өвөл хотод орж ирж өвөлждөг юм. Ирэхлээр нь үзүүлнэ гээд л догдлоод хүлээж байна.



Ярилцсан Д.Бөртэ

No comments:

Post a Comment